/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 95 ЖИЛИЙН ОЙН МЭНДЧИЛГЭЭ

 

 

 

 ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

            Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан цагдаагийн албанд тангараг өргөж, ард олныхоо амгалан тайван амьдралын төлөө хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, үйл хэргийг нь залгамжилж буй цагдаагийн нийт алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

            Эрт эдүгээгийн түүхийн өлгий нутаг болсон үзэсгэлэнт Орхон түшээ мөрний хөндийд орших Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотын буурь залгаж, Эрдэнзуу хийдийн хаяа дэрлэн сэргээн хөгжүүлэх зорилгоор 1956 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 197 дугаар тогтоолоор Эзэнт гүрний нийслэл Хархорин сүлдэт тамгаа атгаж, соёмбот далбаагаа мандуулан Монгол улсын төр захиргааны нэгж болон зохион байгуулагджээ. Хархорин хотыг хөгжүүлэх, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах, Цагдаагийн байгууллагыг өргөтгөх асуудал тавигдаж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 157 дугаар тогтоолоор Цагдан сэргийлэх анги байгуулж, мөн оны 09 дүгээр сарын 27-ны өдөр НАХЯ-ны 534 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн НАХХэлтэст харъяалуулж, 1992 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн тасгийн зохион байгуулалтанд оруулж, анхны даргаар дэд хурандаа Н.Гомпил ажиллаж, улмаар 2006 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 164 дүгээр тушаалаар Сум дундын Цагдаагийн хэлтэс болж өргөжсөн түүхтэй.

            Хариуцсан нутаг оронд айдас бухимдлыг төрүүлсэн, онц ноцтой хор хохирол учруулсан онц хүнд, зохион байгуулалттай олон гэмт хэрэг, түүнийг үйлдсэн этгээдийг манай хамт олон мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүлж, гэмт хэргийн илрүүлэлт 2016 оны эхний улирлын байдлаар 73 хувьтай байна.

            Цагдаагийн хэлтсийн хамт олон нийгмийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн, мэргэшсэн чадварлаг бие бүрэлдэхүүнтэй, ажил үйлчилгээ нь өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангасан байгууллага болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

            Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорины Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн төр, ард түмнийхээ амар амгалан байдлыг сахиж хамгаалах хуулиар хүлээсэн хүндтэй бөгөөд амаргүй үүргээ нэр төртэй биелүүлэхээ илэрхийлж, түүхт 95 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн байгууллагын үе үеийн ахмадууд болон мөрдөс нэгт нөхөддөө ажлын амжилт, эрүүл энх, сайн сайханыг хүсэн ерөөе.

                        Төр минь түвшин, түмэн олон минь амгалан байх болтугай.

                                                     

                                                          ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА,

                  ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Б.ОЧИРДОРЖ  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна